Гудамжны зураг зурдаг уран бүтээлчид гэр хороололд өнгө нэмж байна

"Creative Motion” ХХК-иас хүүхдүүдийн амьдрах орчинг илүү гэгээлэг болгож, урлагаар дамжуулан аливаад эерэгээр хандах сэтгэл зүйг бүрдүүлэх зорилготой “Солонгон бүрхүүл” нэртэй аяныг зохион байгуулж байна. “Гэр хороололд өнгө нэмье” уриатай уг аяны хүрээнд нийт 15 уран бүтээлч өөрсдийн онцлогийг харуулсан бүтээлүүдээ гүний худгууд дээр туурвиж байгаа юм. Зургууд нь хүүхдэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байх эерэг санаа өгөх төдийгүй хүүхдийн дотоод ертөнц рүү чиглэсэн сэдэвтэй байна. Энэхүү аянаар дамжуулан гэр хорооллын бүсэд амьдардаг хүүхдүүдэд өнгөлөг орчинг бий болгож өгөхөөс гадна урлагаар дамжуулж гоозүйн мэдрэмж суулгах ажээ. 

Өнгөрсөн хагассайн өдөр буюу есдүгээр сарын 7-нд  “Солонгон бүрхүүл” хүүхдэд зориулсан аяны нээлт боллоо. Энэ үеэр уг төслийг сайн дураараа дэмжин оролцож буй Монголын шилдэг стрийт артистууд нийлэн Чингэлтэй дүүргийн 128-р худаг дээр өөрсдийн зохиомжийг зурсан юм.

Уг аян өнгөрөгч наймдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. 

Эх сурвалж: gogo.mn